Давж заалдах шатны шүүхэд хандах

/Иргэний хэрэг/
Давж заалдах гомдол гаргах нь:
 
Давж заалдах гомдол гаргах эрх хэдий үеэс үүсэх вэ?
 
Анхан шатны шүүх тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлээд гарсан шийдвэрээ танилцуулан сонсгомогц шүүхийн шийдвэр хүчинтэй болно. Энэ өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Шүүх хуралдаанд оролцсон зохигч /нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч/ дээрх хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. 

Зохигч хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцно. Шүүхийн шийдвэрийг ийнхүү гардан авснаар таны давж заалдах гомдол гаргах эрх үүснэ. 

Хуульд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй. Дээрх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд та гомдол гаргах эрхээ алдана.

 Хэрэв та гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах бөгөөд дээрх хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтыг хүсэлтэд хавсаргаж ирүүлэх үүрэгтэй.
 
Давж заалдах гомдлыг хэн, хэрхэн гаргах вэ?

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч /нэхэмжлэгч, хариуцагч/, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй. Давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гаргах бөгөөд давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй. Мөн уг гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах буюу шинээр нотлох баримт гаргах эрхгүй. 
 
Давж заалдах гомдлыг бичгээр гаргах бөгөөд дараах зүйлийг заана.
Гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа
Гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
Аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
Шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;
Гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт, 
Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна. 
Давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа этгээд шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан төлөх үүрэгтэй бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаа гомдолдоо хавсаргана.

Давж заалдах гомдлыг хэн хүлээн авах вэ?

Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулах бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариуцагч, гуравдагч этгээдээс гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ.
Давж заалдах гомдол гаргахад энэ хуульд заасан журмыг баримтлаагүй бол шүүх гомдлыг хүлээн авахгүй бөгөөд энэ тухай шүүгч захирамж гаргана.