Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын 2023 оны үйл ажиллагааны тайлан
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа: Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлал нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 327 өргөдөл хүлээн авснаас 221 өргөдлийг эцэслэн шийдвэрлэсэн. Нийт шийдвэрлэсэн 221 өргөдлөөс 169 буюу 76 хувьд нь эвлэрлийн гэрээ байгуулсан буюу эвлэрэл амжилттай болжээ. Хүлээн авсан өргөдлийн 268 буюу 82 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 59 буюу 18 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна. Бусад төрлийн маргаан бүхий өргөдөл ирээгүй болно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа маргааны төрлөөр
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд өргөдөл хүлээн авах, Иргэн 2014 нэгдсэн системд бүртгэх, талуудад эрх үүрэг тайлбарлах, өргөдөл танилцуулах, уулзалт хийх зэрэг ажиллагаануудыг хуулийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ба, нийт хүлээн авсан өргөдөл гомдлоос 76 хувь буюу 169 маргаанд эвлэрлийн гэрээ байгуулж материалыг хуулийн хугацаанд тус аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд хүргүүлсэн бөгөөд энэ нь улсын дунджаас 6 хувиар давсан үзүүлэлттэй байна. Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн болон бусад шалтгаанаар эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан тохиолдол гараагүй ба энэ эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар байгуулж байгаа эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн байгааг харуулж байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг олон нийтэд сурталчлах чиглэлээр Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Халзан, Дарьганга, Мөнххаан зэрэг сумдаар нүүдэллэн ажиллахын зэрэгцээ тухайн орон нутагт маргаан шийдвэрлэснээс гадна, иргэдэд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар мэдээлэл хүргэж, гарын авлага, тараах материал, өргөдлийн загвар танилцуулж, сумдын тамгын газрын мэдээллийн самбарт эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл байршуулж ажилласнаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэх иргэдийн хандлага өсөж байгаа бөгөөд энэ нь 2022, 2023 онд хүлээн авсан өргөдөл нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн ачааллыг дунджаар 40-45 хувиар бууруулснаар харагдаж байна.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран “Хуульчийн нийтэд тустай үйл ажиллагаа буюу Пробоно 2023”-т оролцож, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Баяндэлгэр, Сүхбаатар, Халзан, Мөнххаан сумдын иргэдэд “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар, Эвлэрүүлэн зуучлагчид хэрхэн хандах вэ?”, “Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны талаарх эвлэрүүлэн зуучлах ажиллагаа” зэрэг сэдвээр мэдээлэл хүргэж, гарын авлага, холбогдох материал бэлтгэн танилцуулсан.