Уншиж байна...
Нутаг, бэлчээрийн маргаан нь малчдыг ял шийтгэл хүлээхэд хүргэжээ.

Нутаг, бэлчээрийн маргаан нь малчдыг ял шийтгэл хүлээхэд хүргэжээ.
Шүүхийн нэр, Шийтгэх тогтоолын дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,  2022.12.28 ШТ02 
Тоймын дугаар: №2
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: \"Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийн орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”
Агуулга: Тус аймгийн У сумын мал бүхий иргэн М, Ж нар малын бэлчээрийн асуудлаас маргалдан, харилцан зодолдож, М нь Ж-н биед  \" төмсөгний зөөлөн эдийн няцрал”, Ж нь М-н биед \" зулайд шарх, дагз, хацар, шуу, бугуйн үе, сарвуунд зулгаралт бүхий ” хөнгөн хохирол тус тус учруулсан бөгөөд прокуророос М, Ж нарын дээрх үйлдлийг \"Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах ” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлжээ. 

М, Ж нар дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж, прокуророос шүүгдэгч М, Ж нарт тус тус 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг тэдгээр нь хүлээн зөвшөөрчээ.

Шүүх тухайн хэргийн хувьд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж үзэн М, Ж  нарыг бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэжээ.

Тухайн шүүгдэгч нарын хувьд малын бэлчээрийн асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхийн оронд ялимгүй зүйлээр шалтаглан маргаан үүсгэсэн нь тэдгээрийг бие биеэ гэмтээх, улмаар эрүүгийн ял шийтгэл хүлээх шалтгаан болов. 

           Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт \"гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

        Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй байна. 
         
          Иймд хохирогч Ж нь өөрт учирсан гэмтлийн улмаас сумын эрүүл мэндийн төвөөс анхны тусламж үйлчилгээ авсан, уг зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 57000 төгрөгийг зарцуулсан нь нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-аас 57000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгожээ. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/85197?daterange=2022-12-01%20-%202023-02-28&id=1&court_cat=2&bb=1

Эхлэлд очих