ШҮҮХ ХУРАЛДААНД ИРЭЭГҮЙ ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙЛШГҮЙ ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА
Шүүгчийн захирамж: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 122/ШЗ2025/0024 дугаар захирамж.
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын төрөл. Шүүхийн процессын тойм.
Санамж: Энэхүү тойм нь шүүгчийн захирамжийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
“Сүхбаатар аймгийн Уулбаян сумын сонгуулийн хорооны 2024.10.15-ны өдрийн 34 дугаартай “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын 16-д бичигдсэн А.Байгальмаад холбогдох хэсгийг хүчингүй болгох” Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Монгол Ардын намын хорооны нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан дээр гуравдагч этгээдийн зүгээс бие даасан шаардлага гаргаж, мөн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахаар хүсэлт гаргасан тул шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэргийн оролцогчдод танилцуулж, хариуцагчид гардуулж тайлбар авах ажиллагааг хийх шаардлага үүссэн.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2-д “Шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасныг үндэслэн шүүх хуралдааныг 3 хоногийн хугацаагаар хойшлуулсан боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн, мөн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд өмгөөлөгчөө сонгон авч хэргийн материалтай танилцуулаагүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдвол уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно” гэж заасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулав.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ШҮҮХ ХУРАЛДААНД ИРЭЭГҮЙ ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙЛШГҮЙ ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА