Уншиж байна...
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ

Түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бусдын эд хөрөнгийг түрээслэх явцад гэм хор учруулсан бол гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр №315/ШШ2025/00018

Тоймын дугаар, огноо: № 02, 2025.02.24

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч И нь хариуцагч Ш, Г нараас өвөлжөөний орон сууцны байшин, гэр ахуйн хэрэгсэл, малын хашаа, саравч пүнз бүхий өвөлжөөг бүхэлд нь 6 сар ашигласны түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг, эд хөрөнгө түрээслэх явцдаа байшингийн эд зүйлд учруулсан гэм хорын хохиролд 1,972,900 төгрөг нийт 10,372,900 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч Ш, Г нар нь бид түрээсийн гэрээ байгуулаагүй, биднийг хамт өвөлжихийг гуйсны дагуу хамт өвөлжсөн. Зуухыг нь нураасан учраас зуухны төлбөр 500,000 төгрөгийг төлнө. Харин бусад эд хөрөнгөд гэм хор учруулаагүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын 9,872,900 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Иргэний хуульд “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан.

Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй, бичгээр гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр 8,400,000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзсэн.

Хуульд “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хэргийн тогтоогдсон үйл баримтаас үзэхэд хариуцагч Ш, Г нар нь нэхэмжлэгч И-ийн өвөлжөөний байранд амьдарч байхдаа зуухыг нь нураасан үйл баримт тогтоогдсон бөгөөд бусад эд хөрөнгөд гэм хор учруулсан үйл баримт тогтоогдоогүй. Тиймээс хариуцагч Ш, Г нараас зуухны үнэ 500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И-д олгуулж, үлдэх 9,872,900 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/170416?daterange=2025-01-01%20-%202025-02-24&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн:

Сүхбаатар аймаг дахь сум дундын

анхан шатны шүүхийн шүүгч П. Болормаа

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/170416?daterange=2025-01-01+-+2025-02-24&id=1&court_cat=1&bb=1&fbclid=IwY2xjawIrsSRleHRuA2FlbQIxMAABHcAgHkJ1wALAuygLUzFWzJ_txa2ZPzLsLkjaAiVvJR0GRTWxTO_EOhkpqg_aem_nBbExabf5RRiaRR-DU-ToA

Эхлэлд очих