Уншиж байна...
ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНААС ГАРГАЖ БУЙ ШИЙДВЭР НЬ ҮНДЭСЛЭЛ БҮХИЙ БАЙХ ЁСТОЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2021.03.24-ний өдрийн 122/ШШ/2022/0003

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шүүхийн шийдвэрийн тойм: №01, 2023.02.08

Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Э-д “албаны эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн зөрчлүүд гаргасан нь нотлогдсон” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсныг Б.Э эс зөвшөөрч, уг захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд маргасан.

Анхан шатны шүүхээс, Б.Э-д сахилгын шийтгэл оногдуулсан захирамжийг гаргах үед уг захирамжийн үндэслэл болсон улсын байцаагчийн акт нь шүүх дээр маргаантай, эцэслэн шийдвэрлэгдээгүй байсан, түүнчлэн нэхэмжлэгчийг төрийн албанаас халсан шийдвэр гаргахдаа сонсох, мэдэгдэх, зөвшилцөх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Үндэслэлийг тодруулбал, аймгийн Засаг дарга дээрх шийдвэрийг гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хууль болон Эрүүл мэндийн тухай хуульд заасны дагуу Б.Э-д төрийн албанаас халах болсон үндэслэлийг танилцуулж, тайлбар, санал гаргах боломжоор хангаагүй, түүнчлэн Эрүүл мэндийн сайдтай зөвшилцөөгүй, түүний албаны эрх мэдлээ хэтрүүлэн санхүүгийн зөрчлүүд гаргасан болох нь нотлох баримтаар бүрэн нотлогдоогүй байхад сахилгын шийтгэл оногдуулсан нь “шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй гэж үзэж, аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгож шийдвэрлэсэн болно.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг

орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар

мэдээлэн хүргэх зорилготой болно.

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: https://shuukh.mn/single_case/11621?daterange=2022-01-01%20-%202023-02-07&id=1&court_cat=3&bb=1

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11621?daterange=2022-01-01%20-%202023-02-07&id=1&court_cat=3&bb=1

Эхлэлд очих