Уншиж байна...
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ

АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭНИЙ НЭГ ТАЛ БОЛОХ

ЗАХИАЛАГЧИЙН ХУВЬД ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭХ ГОЛ ҮҮРЭГ НЬ

ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ХӨЛС ТӨЛӨХ ЮМ

 

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, 2023.04.04-ний өдрийн шийдвэр №107

Тоймын дугаар, огноо: №04, 2023.04.24

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй /давж заалдах гомдол гаргах хугацаа дуусаагүй/

Санамж: Энэхүү тойм нь шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч С ОНӨААТҮГ-т холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 750.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагчаас ирүүлсэн захиалгын дагуу хүндэтгэлийн самбарыг хийж, байгууллага дээр нь байрлуулан, захиалагчид хүлээлгэн өгсөн тул ажлын хөлс 750.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч “С” ОНӨААТҮГ нь “... талуудын хооронд харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулаагүй, тухайн ажлын үр дүн буюу самбарыг хүлээлцсэн акт байхгүй, хэмжээ алдсан, чанарын шаардлага хангахгүй байсан тул манай байгууллага тэр самбарыг ашиглаагүй. Х-г самбараа буцааж авахыг шаардсан боловч аваагүй тул нэхэмжилж байгаа ажлын хөлс 750.000 төгрөгийг төлөхгүй”    гэж маргасан.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагч “С” ОНӨААТҮГ-аас хүндэтгэлийн самбар хийлгэх захиалгыг нэхэмжлэгч Х хүлээн авч, ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, хариуцагчаас ирүүлсэн захиалгын дагуу ажлыг өөрийн материалаар хийж, гүйцэтгэн захиалагч байгууллага дээр аваачиж угсарч, байрлуулсан үйл баримт тогтоогджээ.

            Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй ба ингэж шилжүүлснээр хөлс авах эрх үүсдэг.

            Ажил гүйцэтгэх гэрээг заавал бичгээр байгуулах талаар хуульд заагаагүй, гэрээг бичгээр байгуулах шаардлагатай байсан бол захиалагч тал бичгээр үйлдэж, баталгаажуулах эрхтэй, гүйцэтгэсэн ажилд биет байдлын доголдол байсан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гүйцэтгэсэн ажил буюу уг самбарт ямар нэгэн доголдол байсан тухай гомдлын шаардлагыг Иргэний хуульд заасан хугацаанд гаргаагүй гэж үзээд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

            Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос:

            И-мэйл: https://shuukh.mn/single_case/126402?daterange=2023-01-01%20-%202023-04-24&id=1&court_cat=1&bb=1

            Тойм бэлтгэсэн:

            Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                           Ц.Эрдэнэзуу

 

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126402?daterange=2023-01-01%20-%202023-04-24&id=1&court_cat=1&bb=1

Эхлэлд очих