Уншиж байна...
УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН БАЙХЫГ ШҮҮХЭЭС ШААРДАНА

УРЬДЧИЛАН ШИЙДВЭРЛҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН

БАЙХЫГ ШҮҮХЭЭС ШААРДАНА

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2025.05.19-ний өдрийн 122/ШЗ2025/0050

Шүүхийн процессын тоймын огноо, дугаар: 2025.05.19, №02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч С.Г нь Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан “Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/34 тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үндэслэлээр төрийн албанаас халсан захиргааны шийдвэртэй маргаж буй энэ тохиолдолд гомдол хянан шийдвэрлэх дээд шатны байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан байхыг шүүхээс шаардана.

Хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь эхлээд Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх, хэрвээ Төрийн албаны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

Шүүх дээрх үндэслэлээр “гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэж дүгнэн С.Г-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг

орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар

мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

Эхлэлд очих