Уншиж байна...
ШҮҮХИЙН ПРОЦЕССИЙН ТОЙМ

ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ

ШҮҮХИЙН МЭДЭГДЭХ ХУУДСААР ДУУДАХАД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ

ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ ШҮҮГДЭГЧИЙГ АЛБАДАН ИРҮҮЛНЭ

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/ШЗ/23 дугаартай шүүгчийн захирамж

Тоймын дугаар, огноо: № 3 2023.04.15

Шийдвэрийн төрөл: Хүчин төгөлдөр болсон

Санамж: ”Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”

Агуулга: Тус шүүх шүүгдэгч Д нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 09.00 цагт хэлэлцэхээр зарлаж, шүүх хуралдааны товыг Д-д мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч уг хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.3 дугаар зүйлийн 1-т гэрч, хохирогч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг прокурор, шүүхийн мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бол шүүх өөрийн санаачилгаар, эсхүл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргах бөгөөд энэ ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэхээр хуулчилжээ.

Мөн Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаартай хамтарсан тушаалаар баталсан “Яллагдагч шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийн албадан ирүүлэх шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах” журмын 4 дэх хэсгийн 4.1, 4.18.7-д зааснаар шүүгдэгчийг албадан ирүүлж, албадан ирүүлэх ажиллагааны зардлыг тооцож, холбогдох хуульд заасны дагуу буруутай этгээдээр төлүүлэхийг Цагдаагийн байгууллагад үүрэг болгосон байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д-г шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн үндэслэлээр албадан ирүүлж, албадан ирүүлэх ажиллагааны зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг Цагдаагийн газарт даалгаж, шүүх хуралдаан болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

Эхлэлд очих