Уншиж байна...
НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ГОМДЛЫН ШААРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ ТӨВ ЗӨВЛӨЛД ГОМДЛОО ГАРГАНА

НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭДЭХ ГОМДЛЫН

ШААРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭРИЙГ ЭС ЗӨВШӨӨРВӨЛ

ТӨВ ЗӨВЛӨЛД ГОМДЛОО ГАРГАНА

 

Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2023.03.20-ны өдрийн 122/ШЗ2023/0015

Шүүхийн процессын тоймын огноо, дугаар: 2023.05.02, №02

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч Л.Э нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн гомдлын шаардлагын зөвлөлд холбогдуулан “Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/03 тоот тогтоолыг хүчингүй болгож, “Х” ХХК-д сул зогсолтоор ажиллаж байсан үеийг хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласнаар оруулан тооцохыг Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх гомдлын шаардлагын зөвлөлд даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

Засгийн газрын тогтоолоор баталсан “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-д салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл төв зөвлөлд гомдлоо гаргахаар, төв зөвлөл гомдол гаргагчийн гомдол хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл салбар зөвлөлийн шийдвэрийг өөрчлөх, хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх эрхтэй байхаар заасан байна.

            Шүүхээс нэхэмжлэгч Л.Э-г салбар зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо эхлээд төв зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэх, хэрэв төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг

орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар

мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэрэнханд

 

 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/126402?daterange=2023-01-01%20-%202023-04-24&id=1&court_cat=1&bb=1

Эхлэлд очих