Хөрсийг доройтуулсан тохиолдолд хохирлыг арилгуулж, торгууль ногдуулна
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Хөрсийг доройтуулсан тохиолдолд хохирлыг арилгуулж, торгууль ногдуулна
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаар: 122/ШШ/2023/0003
Шүүхийн шийдвэрийн тойм: №4
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсаар орон нутгийн зөвшөөрөлгүйгээр ус зөөвөрлөж, маршрут зөрчиж хөрс эвдсэн зөрчил үйлдсэн хуулийн этгээдийг Зөрчлийн тухай хуульд зааснаар 500,000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт 26,428,343.12 төгрөг, хохирлыг тогтооход гарсан зардалд 3.000.000 төгрөгийг тус тус төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.
Зөрчил үйлдсэн хуулийн этгээдээс шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргасан.
Шүүх гомдол гаргагч хуулийн этгээд нь жонш баяжуулах үйлдвэрт ашиглах усаа зөөхдөө батлагдсан замын маршрутыг зөрчин зорчихдоо хөрс эвдэж хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон учраас Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуульд “Өөрийн хууль бус үйл ажиллагаанаас хөрсийг доройтуулсан бол хохирлыг арилгаж, хөрсийг нөхөн сэргээнэ” гэж заасан үүргийн хүрээнд байгаль орчинд учирсан хохирол, нөхөн төлбөр болон хохирлыг тогтооход гарсан зардлыг хариуцах үндэслэлтэй гэж дүгнэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Б.Баярцогт
Шийдвэрийг бүтэн эхээр нь үзэх бол:
https://shuukh.mn/single_case/13032?daterange=2023-01-01%20-%202023-06-20&id=1&court_cat=3&bb=1
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/13032?daterange=2023-01-01%20-%202023-06-20&id=1&court_cat=3&bb=1