Уншиж байна...
ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ БУС ТАТГАЛЗАЛ ГЭЖ ҮЗЭХГҮЙ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ЭРХ ХЭМЖЭЭНИЙХЭЭ ХҮРЭЭНД ГАРГАСАН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ БУС ТАТГАЛЗАЛ ГЭЖ ҮЗЭХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2022.11.02-ны өдрийн 122/ШШ/2022/0013

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шүүхийн шийдвэрийн тойм: №06, 2023.09.06

Нэхэмжлэгч А ХХК-иас Х сумын 2021, 2022 оны сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар эзэмшүүлэх асуудлыг батлахаас татгалзсан Х сумын ИТХ-ын шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахыг Х сумын ИТХ-д даалгах, Х сумын Засаг даргын А ХХК-д эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, газар олгосон захирамж гаргаж, гэрээ байгуулахыг Х сумын Засаг даргад тус тус даалгах” нэхэмжлэлийг гаргасан.

А ХХК-иас Х сумын Засаг даргад хандан эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөөний газар олгох хүсэлт гаргасны дагуу Х сумын Засаг даргаас уг асуудлыг сумын 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган батлуулахаар Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргүүлжээ.

Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ээлжит бус хуралдаанаараа сумын Засаг даргын саналыг хэлэлцээд “... бэлчээрийн даац 103.2 хувийн хэтрэлттэй, бэлчээр доройтсоноор хөрсний алдагдал, давсжилт, элэгдэл хүчтэй илэрсэн, эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр өвөлжөө, хаваржааны газар эзэмших хүсэлтийг багийн малчдаас эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан байна.

Шүүх Х сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батлах нийтлэг бүрэн эрхийн хүрээнд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулан батлахаас татгалзсан нь хуульд нийцсэн, мөн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газарт газар эзэмшүүлэх эрхгүй тул Х сумын Засаг даргын татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг

орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар

мэдээлэн хүргэх зорилготой болно.                                                                                                                     

Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэрэнханд

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/11536?daterange=2022-11-01%20-%202023-09-05&id=1&court_cat=3&bb=1

Эхлэлд очих