Уншиж байна...
НЭХЭМЖЛЭГЧ ТАЛ ШҮҮХ ХУРАЛДААНД ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ИРЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХЭРГИЙГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХГҮЙ.

Шүүгчийн захирамж: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 147/ШЗ2023/00955 дугаар захирамж

Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын төрөл. Шүүхийн процессын тойм

Тоймын огноо : 2023 оны 09 дүгээр сарын 13

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Х.Б-ын хариуцагч Т.У-д холбогдох 8.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 10 цагт хийхээр товлож, хэргийн оролцогчдод мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй байгаа тухай хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т “..Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаана” гэж заасан.

Тус хэргийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн нэмж нотлох баримт гаргах хүсэлтийг хүлээн авч хойшлуулсан байсан бөгөөд хойшлуулсан шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэлийг буцааж, шийдвэрлэжээ.

Тоймыг бэлтгэсэн:

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн

анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос:

Эхлэлд очих