Уншиж байна...
Алтан овооны зүүн энгэрт байсан ширмэн тогоог хулгайлсан таван хүнд ял оногдуулжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дугаар сарын 18-ны  өдрийн 18 дугаар магадлал

Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 10, 2023.11.20,

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.

Алтан овооны зүүн энгэрт байсан түүх соёлын дурсгалт зүйл болох ширмэн тогоо 2017 оны 12 дугаар сард хулгайд алдагдсанаас хойш 4 жил гаруйн дараа Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагч нар гэмт этгээдүүдийг олж илрүүлэн прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх таван шүүгдэгчийг 2017 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Алтан овооны энгэрт байсан ширмэн тогоог автомашин ашиглан хулгайлж, 7560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тэдний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин, чиргүүлийн үнэ болох 33283300 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн хуваан гаргуулж, улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Энэ гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл таван жилээр тооцох ба 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагт дуусахаар байв.

Прокурор хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр таван шүүгдэгчийг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан өөрчлөлт оруулж, бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: www.shuukh.mn

Тойм бэлтгэсэн:  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: www.shuukh.mn

Эхлэлд очих