Ажилдаа согтуу ирсэн нь ажлаас халах үндэслэл болно.
Ажилдаа согтуу ирсэн нь ажлаас халах үндэслэл болно.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаар магадлал
Шүүхийн шийдвэрийн тоймын дугаар, огноо: № 12, 2023.11.20,
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Иргэн А нь ажлаас хууль бусаар халагдсанаа тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалингаа гаргуулахыг хүссэн. Хариуцагч, хүүхдийн цэцэрлэгчийн эрхлэгч “А нь цэцэрлэгийн багшаар ажилладаг атлаа, хүүхдийн унтлагын цагаар зөвшөөрөлгүй гарч яваад архи ууж, ажилдаа согтуу ирээд шаардлага тавьсан арга зүйч багшийг эсэргүүцэж, агсарч, сахилгын ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас хууль бусаар халсан болохыг тогтоож, ажилгүй хүлээлгэсэн хугацааны цалинг ажил олгогч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
Цэцэрлэгийн багш ажлын цагаар удирдлагаасаа чөлөө авалгүй гарч яван архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэн ажилдаа согтуу ирж, хамт ажилладаг багш, ажилтнуудыг хэл амаар доромжилсон болох нь хариуцагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлгүүд, жижүүрийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зэргээр нотлогдож байна.
Ажилтны гаргасан сахилгын зөрчил нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил мөн бөгөөд түүнд ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно” гэж, энэ зүйлийн 123.2.5 дахь заалтад “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасанд нийцсэн, ажилтныг хууль бусаар ажлаас халсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: www.shuukh.mn