Уншиж байна...
БУСДААС БЯРУУ ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ ЗОХИОМОЛ БАЙДЛЫГ ЗОРИУД БИЙ БОЛГОСНЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ, ИРГЭНД УЧИРСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭВ.

БУСДААС БЯРУУ ХУДАЛДАЖ АВНА ГЭЖ ЗОХИОМОЛ БАЙДЛЫГ ЗОРИУД БИЙ БОЛГОСНЫГ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОЖ, ИРГЭНД УЧИРСАН ХОХИРЛЫГ ТӨЛҮҮЛЭВ.

Шүүхийн нэр, Шийтгэх тогтоолын дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,  2023.10.13-ны өдрийн 2023/ШЦТ/210

Тоймын дугаар: №8

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй

Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийн орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно”

   Агуулга: У нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд нийт 2 удаагийн үйлдлээр “бяруу худалдаж авч өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар хохирогч Г-г төөрөгдөлд оруулж, банкны дансаар 3,400,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах хэрэгт холбогдсон.

Прокуророос У-г “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
        “Залилах” гэмт хэрэг гэдэгт: Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд хохирлын хэмжээ шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж хуульчилсан.

“Хуурах” гэж бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахыг тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх,

“Зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориуд бий болгохыг  тус тус ойлгоно. Өөрөөр хэлбэл тухайн залилагч этгээд өөрийгөө амжилттай бизнесмен, худалдаа арилжаа эрхэлдэг, баян, их хэмжээний эд хөрөнгөтэй гэх мэтээр зохиомол байдлыг бүрдүүлдэг.

Шүүгдэгч У-ийн хувьд мал авдаггүй, өөрийн гэсэн мал үгүй байж иргэн Г-д “мал авч өгнө” гэж худлаа хэлж, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор түүнээс дансаар мөнгө авч, өөрийн өмч адил захиран зарцуулсан уг үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан болно.

Иймд шүүхээс шүүгдэгч У-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, үйлдсэн хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа байдлыг харгалзан 8 /найман/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хохирогчид учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн.

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтаннавч

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https5//shuukh.mn/single_case/85197?daterange=2022-12-01%20-%202023-02-28&id=1&court_cat=2&bb=1

Эхлэлд очих