ШИЙТГЭЛИЙН ХУУДСААР ОНОГДУУЛСАН ТОРГОХ ШИЙТГЭЛ, ЗӨРЧЛИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРОЛ, НӨХӨН ТӨЛБӨРИЙН АСУУДЛЫГ САЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.01.19-ний өдрийн 122/ШШ/2026/0006
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шүүхийн шийдвэрийн тойм: №03, 2026.08.03
Эрх бүхий албан тушаалтан нь “М” ХХК-ийг зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэх үндэслэлээр торгож, нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэжээ.
“М” ХХК-иас “... 2025 оны тодорхой хугацаанд гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан зөрчлөө хүлээн зөвшөөрнө, харин нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт алдаатай гарсан, дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шийдвэрлээгүй” гэж маргасан, харин хариуцагчаас “... Хохирол, нөхөн төлбөрийг тогтоосон шинжээчийн дүгнэлт тооцооллын хувьд учир дутагдалтай гарсныг хүлээн зөвшөөрч байна. Холбогдогчоос шинээр гаргаж өгсөн баримтуудыг үндэслээд дахин шинжээч томилж хохирол, нөхөн төлбөрийг тогтоолгоход татгалзах зүйлгүй” гэх тайлбарыг гаргасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар “М” ХХК нь зөрчил үйлдсэн болох нь бүрэн тогтоогддог боловч шийтгэлийн хуудсаар тогтоосон хохирол, нөхөн төлбөрийн хэмжээ эргэлзээтэй, энэ нөхцөлд шүүх маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгох шийтгэлээс зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлыг салгаж шийдвэрлэх боломжгүй, өөрөөр хэлбэл “М” ХХК-ийн гаргасан зөрчлийг үгүйсгэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг бүхэлд нь хууль бус гэж үзэж хүчингүй болгох боломжгүй юм.
Зөрчлийн улмаас учруулсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг эрх бүхий албан тушаалтан дахин нягталж тогтоосны эцэст шийтгэл оногдуулах нь “хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл нь зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчим”-д нийцнэ гэж шүүх дүгнэн маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/19851?daterange=2026-01-01%20-%202026-09-03&id=1&court_cat=3&bb=1