Уншиж байна...
ШҮҮХИЙН ПРОЦЕССЫН ТОЙМ

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 142 дугаартай захирамж.

Шүүхийн процессын тойм: № 1, 2026.04.04.

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Яллагдагч Б-г 2024 оны 06 дугаар сараас  2025 оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “ их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан” гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Сүхбаатар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар “уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх” -ээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Тодруулбал, яллах дүгнэлтээр “Б2024 оны 06 дугаар сараас 2025 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд нэр бүхий 44 хохирогчийг хуурч 70 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 321,182,683 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзсэн атлаа, түүнийг уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийлгүй, энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоох буюу “ түүний нэг хохирогчоор хэд хэдэн удаа, нэг өдөрт хэд хэдэн удаа, мөн ойр ойр цаг хугацаагнд өндөр дүнтэй гар утасыг тогтмол худалдан авуулж, нэг эх үүсвэрт зах зээлийн үнээс илтэд бага үнээр худалдан борлуулсан, энэ олсон орлогыг дараа дараагийн гар утас худалдан авах, өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийн амжиргааг залгуулах, бусад ашиг, орлого олох үйл ажиллагааны үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож, тогтвортой ашиглаж байсан эсэх”- ийг шалган тогтоох ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг тус аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Шүүхээс 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хийсэн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаан биш (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг) бөгөөд шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг буюу мөрдөн шалгах ажиллагааг бүрэн бус хийсэн, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагааг нэмж хийлгэх зэрэг асуудлыг хэлэлцдэг ажиллагаа юм.

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: www.shuukh.mn

Эхлэлд очих