Уншиж байна...
СОНГУУЛИЙН ДҮНД АЛБАН ТУШААЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДСӨН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧИД ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ҮҮСЭХГҮЙ

Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2026.06.09-ний өдрийн 122/ШШ/2026/0015

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Шүүхийн шийдвэрийн тойм: №04, 2026.08.10

Иргэн “А”-гаас сумын Засаг даргад холбогдуулан “Сонгуулийн үр дүнгээр сумын Засаг даргын орлогчийн албан тушаалаас чөлөөлөгдсөний тэтгэмжийг олгохоос татгалзсан Засаг даргын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, тэтгэмжийг олгохыг хариуцагчид даалгах”-аар маргажээ.

Сумын Засаг даргаас ээлжит сонгуулийн үр дүнг үндэслэн сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан “А”-г албан тушаалаас нь чөлөөлсөн захирамж гаргаж, түүний нэг удаагийн тэтгэмж авах хүсэлтэд татгалзсан хариу өгчээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг, сум, нийслэл, дүүргийн Хурлын дарга болон бүх шатны Засаг дарга ээлжит сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн бол тэдгээрт урьд нь эрхэлж байсан албан тушаалын зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгохоор заасан бөгөөд сумын Засаг даргын орлогчид хуулийн энэ зохицуулалт хамаарахгүй, өөрөөр хэлбэл сонгуулийн дүнд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн сумын Засаг даргын орлогчид тэтгэмж авах эрх хуулиар үүсэхгүй юм.

Шүүхээс захиргааны байгууллага хуульд тусгагдаагүй буюу хуулиар зөвшөөрснөөс бусад тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэгийг бусдад олгох хууль зүйн үндэслэлгүй, захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх зарчмын хүрээнд явагдсан байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/20955?daterange=2026-01-01%20-%202026-09-03&id=1&court_cat=3&bb=1

Эхлэлд очих