ШИЙТГЭХ ТОГТООЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНООР ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛНО
ШИЙТГЭХ ТОГТООЛ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛСНООР ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХ ДУУСГАВАР БОЛНО
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2026.03.16-ны өдрийн 122/ШЗ2026/0066
Шүүхийн процессын тоймын огноо, дугаар: 2026.04.20, №01
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Нэхэмжлэгч Г.А, М.О нараас Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан “Хурлын даргын А/18, А/19 дугаартай мэдэгдэх хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийг гаргасан.
Дээрх 2 мэдэгдэх хуудас нь нэхэмжлэгч нарыг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдах сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд оролцуулахгүй болохыг мэдэгдсэн агуулгатай байв.
Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нар нь Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн бөгөөд шийтгэх тогтоол 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Хурлын Төлөөлөгч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан тохиолдолд төлөөлөгчөөс огцруулах тухай асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн шийдвэрлэхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс төлөөлөгчийн бүрэн эрх шууд дуусгавар болно гэж үзнэ.
Тухайн тохиолдолд, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноор нэхэмжлэгч нарын Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон ба нэхэмжлэгч нарыг хуралдаанд оролцуулахгүй болохыг мэдэгдсэн Хурлын даргын мэдэгдэх хуудас нь ямар нэгэн зохицуулалт агуулаагүй буюу нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосон эрх зүйн шууд үр дагавар үүсгээгүй байна.
Захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэдэг ба маргаан бүхий мэдэгдэх хуудас нь захиргааны актын шинжийг агуулаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргааныг шүүгч хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнханд
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: 2026.03.16-ны өдрийн 122/ШЗ2026/0066