Хууль хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн гэмт хэрэгт сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг гаргуулна.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дүгээр магадлал, тоймын дугаар:01 хүчин төгөлдөр болоогүй.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас О-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирч, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Анхан шатны шүүх энэ хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 230 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О-г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор: Анхан шатны шүүх 2023.07.01-ний өдрөөс үйлчилж байгаа Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсгийг баримталж, шүүгдэгчээс сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 133,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д олгохоор шийдвэрлэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж шийтгэх тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгохоор эсэргүүцэл бичив.
Давж заалдах шатны шүүхээс О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд тухайн хуульд энэ хэсгийг буцаан хэрэглэх талаар дурдаагүй, мөн Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ. Энэ хуульд заасан цаг хугацаанаас өмнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтоох асуудал яригдахгүй юм. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “шүүгдэгчээс гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 133,100,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А-д олгох тухай” заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: ЭНД дарж үзнэ үү. /https:// https://shuukh.mn/eruu_davah_engine/18812
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: