ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ТУХАЙН ХӨРӨНГӨ БАЙРЛАХ ГАЗРЫГ ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОСОН ШИЙДВЭРТ ТУСГАСАН ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ БҮРТГЭНЭ
ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХИЙГ ТУХАЙН ХӨРӨНГӨ БАЙРЛАХ
ГАЗРЫГ ЭЗЭМШИХ ЭРХ ОЛГОСОН ШИЙДВЭРТ ТУСГАСАН
ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ БҮРТГЭНЭ
Шүүхийн шийдвэрийн огноо, дугаар: 2024.01.10-ны өдрийн 122/ШШ/2024/0003
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Шүүхийн шийдвэрийн тойм: №01, 2024.02.28
Иргэн Б-гээс “ ... өөрийн эзэмшлийн газар дээрээ хүлэмж, авто машины гарааш, мал бордох хашаа барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч улсын бүртгэгч бүртгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан нь хууль бус” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б нь аялал жуулчлалын баазын зориулалттай өөрийн эзэмшлийн газар дээр барьсан хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар мэдүүлэг гаргасныг улсын бүртгэгч “газрын зориулалт зөрчиж баригдсан” гэсэн үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.
Шүүх маргааныг хянан хэлэлцээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрыг эзэмших эрх олгосон шийдвэрт тусгасан зориулалтын дагуу бүртгэх зохицуулалттай байх тул улсын бүртгэгчийн татгалзсан шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Тодруулбал, “Жуулчны бааз гэж байгаль, түүх соёлын нөөцөд түшиглэсэн, байршуулах, хоол, ундны болон нэмэлт үйлчилгээ үзүүлэх байгууллагыг хэлнэ” гэж тодорхойлсон ба уг үйлчилгээг явуулах зориулалт бүхий газарт баригдсан хүлэмж, автомашины гарааш, мал бордох хашааг газрын зориулалтын дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө гэж үзэхгүй.
Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг
орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар
мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цэрэнханд
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/14431?daterange=2024-01-01%20-%202024-02-29&id=1&court_cat=3&bb=1