ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛОО ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ.
ГАЛ ТҮЙМРИЙН УЛМААС УЧИРСАН ХОХИРЛОО ГЭМ БУРУУТАЙ ЭТГЭЭДЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.20-ны өдрийн магадлал № 09
Тоймын дугаар, огноо: № 03, 2024.10.01.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн Б нь гал түймрийн улмаас шатсан барааны дэлгүүрийн барилгаа 42,798,000 төгрөгөөр үнэлж, дэлгүүр дэх барааны үнэ 192,905,000 төгрөг, тавилга, эд хогшлын 17,975,000 төгрөг, үнэлгээний төлбөрийн 4,000,000 төгрөг, нийт 257,678,000 төгрөгийг хариуцагч С-ээс гаргуулахыг хүссэн. Хариуцагч С нь галын улмаас бидний хэн аль нь эд хөрөнгөөрөө хохирсон, барааны дэлгүүрийн талбайн хэмжээ нь жижиг, 200,000,000 төгрөгийн бараа багтах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хариуцагчийн өмчлөлийн хүнсний дэлгүүрийн цахилгааны утсанд бөмбөлөг үүсэж, арын өргөтгөл хэсгээс эхлэн гал гарч, тус дэлгүүртэй залгаа байрлах, нэхэмжлэгчийн барааны дэлгүүрт гал дамжин тархаж, хоёр дэлгүүр бүхэлдээ, доторх бараа, материал, тавилгын хамт шатаж, хохирол учирсан болох нь баримтаар нотлогдсон тул анхан шатны шүүх хариуцагчаас 180,375,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 77,303,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байдаг учраас хэрэгт авагдсан үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэм хорын хохирлыг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь иргэний хуульд нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүхээс хариуцагчийн болгоомжгүй үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсан, хариуцагчийн өөрийнх нь эд хөрөнгө галд өртсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж, хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: www.shuukh.mn
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: Гал түймрийн улмаас учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй.