ӨМЧЛӨГЧ ХӨРӨНГӨӨ БУСДЫН ХУУЛЬ БУС ЭЗЭМШЛЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.21-ний өдрийн магадлал № 08
Тоймын дугаар, огноо: № 02, 2024.07.04.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Иргэн А нь “Приус-20” маркийн автомашинаа иргэн С-ээс авахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С нь “Би иргэн Б-д зээлүүлсэн 20 сая төгрөгийнхөө өрөнд уг автомашиныг авсан тул буцааж өгөхгүй” гэж маргадаг.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэн А нь иргэн Б-тэй “санхүүгийн түрээсийн гэрээ” нэртэй гэрээ байгуулж, урьдчилгаанд нь 4,000,000 төгрөг аваад үлдэгдэл 9,500,000 төгрөгөө сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаанд хувааж төлөх, төлбөрөө бүрэн төлж, дууссаны дараа өмчлөх эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцож, машинаа Б-д шилжүүлсэн. Гэтэл иргэн Б нь үлдэгдэл төлбөрөө огт төлөөгүйгээс гадна А-ийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч С-ээс зээлсэн 20,000,000 төгрөгийн өрөндөө уг автомашиныг өгчээ.
А, С нарын тайлбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ, А, Б нарын хооронд байгуулсан гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь А болох нь нотлогдож байхаас гадна тэрээр өмчлөх эрхээ Б, С нарт шилжүүлээгүй байна.
Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч С нь маргааны зүйл болох автомашиныг хууль бусаар эзэмшиж байна гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч С-ээс уг автомашиныг гаргуулан нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулав.
Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: www.shuukh.mn
Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: ӨМЧЛӨГЧ ХӨРӨНГӨӨ БУСДЫН ХУУЛЬ БУС ЭЗЭМШЛЭЭС ШААРДАХ ЭРХТЭЙ