Сүргээсээ тасарч үлдсэн малыг авсан бол мал хулгайлсан гэж үзнэ.
Сүргээсээ тасарч үлдсэн малыг авсан бол мал хулгайлсан гэж үзнэ.
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаар магадлал
Шүүхийн шийдвэрийн тоймын огноо, дугаар: 2026.03.11, № 01
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Шүүгдэгч А нь бусдын нэг унага, нэг тугалыг хулгайлж, хохирогчид 550,000 төгрөгийн хохирол учруулжээ. Хэргийн баримтаар хохирогчийн нэг унага, нэг тугал ижил сүргээсээ тасран салж, нутаг бэлчээрээс холдон шүүгдэгч А-ийн адуу болон үхэрт нийлсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч А нь иргэний хуульд зааснаар орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй.
Гэтэл А нь хохирогчтой ойр нутагладаг, малын бэлчээр ойрхон учир тухайн нялх унага, тугал нь хохирогчийн өмчлөлийнх байх боломжтой гэдгийг мэдсээр байж энэ талаар түүнд болон ойр орчмын саахалт айлуудад мэдэгдэлгүйгээр, хохирогч асууж, сураглаж ирэхэд нь хэлэлгүйгээр нуун дарагдуулж, улмаар өөрийн гүүнд авхуулахаар уях, үхэр сүрэгт нь нийлсэн тугалыг гэртээ оруулж сүүгээр угжиж тэжээх зэргээр бусдын малыг өөртөө авах боломжийг бүрдүүлсэн идэвхтэй үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Прокуророос түүний энэ үйлдлийг “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А-г “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
“Мал хулгайлах” гэдэгт бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлээр хэрэгжиж, захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс гэмт хэрэг үйлдэж, төгссөнд тооцдог мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарах, “олон тооны мал” гэдэг нь найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгохыг тодорхойлсон тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: www.shuukh.mn
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Оюунтунгалаг
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: www.shuukh.mn