Уншиж байна...
Эвлэрүүлэн зуучлагчид шүүхийн ачааллыг бууруулж байна
2019-11-01 08:06:21
243

Эвлэрүүлэн зуучлагчид шүүхийн
ачааллыг бууруулж байна

Шүүхийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэд тэр бүр нарийн мэдээлэлтэй байдаггүй. Зөрчил, хэрэг, маргаан хянан шийдвэрлүүлэх гарцаагүй шалтгаантай хүмүүс энэ байгууллагын хаалгыг татдаг.
Манай сонин энэ удаа шүүхийн эвлэрүүлэн зуучлалын талаарх мэдээллийг хүргэж байна. 
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч гэсэн хаягтай хаалганд хоёр бүсгүй ажилладаг. 2014 оноос эхлэн албан ёсоор Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэд ажиллаж байна.
Нэрээсээ эхлээд аливаа маргааныг талуудын ойлголцол, итгэлцэл дээр тулгуурлан шийдвэрлэдэг алба гэдэг нь тодорхой. Үнэхээр ч тийм аж. Гэр бүл, хөдөлмөрийн гэрээ, иргэд хоорондын өр зээлээс үүдсэн маргааныг ихэнхдээ энэ алба шийдвэрлэдэг. Он гарсаар 200 гаруй өргөдөл ирсний 150 гаруй нь эвлэрлийн гэрээгээр шийдвэрлэжээ. Ирсэн өргөдлүүдийг хянаж үзээд, 30 хоногийн дотор шийдвэрлэдэг. Шүүх хурал  шиг урт хугацаа зарцуулахгүй.
\"Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино.
Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна.
Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах.
Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох 
Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргах хэлбэр
Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй оролцогч этгээд эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргана.
Эвлэрүүлэн зуучлагч өргөдөл хүлээн авсан тухай болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах товыг талуудад мэдэгдэнэ.
•Талууд эвлэрүүлэн зуучлагчийн нас, хүйс, мэргэшсэн чиглэл, дадлага, туршлага зэрэг асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид тусгайлан хүсэлт гаргаж болно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эхний уулзалтад талуудыг заавал оролцуулна. Энэ уулзалтаар эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дэг, журам, талуудын эрх, үүргийг танилцуулж, талуудын шаардлага, тайлбарыг сонсож, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг талуудыг хамтран оролцуулах зарчмын дагуу явуулна. Эвлэрүүлэн зуучлагч нь зөвхөн шаардлагатай тохиолдолд талуудтай ганцаарчилсан уулзалт хийнэ.
Гэр бүлийн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Гэрлэгчид энэ хугацаанд эвлэрээгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлж баримт бүрдүүлнэ.
Иргэний хэрэгт эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх
Шүүхэд иргэний хэрэг маргаан үүсгэснээс хойш талууд хамтарч хүсэлт гаргасан, эсхүл шүүгч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх нь зохистой гэж үзэж санал болгосныг талууд зөвшөөрсөн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулж болно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талууд эвлэрсэн бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй дуусгавар болсон тохиолдолд шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг шүүгч тогтооно.”
Хуульд ингэж заажээ.
Эвлэрүүлэн зуучлагч Д.Эрдэнэцэцэг, туслах Б.Батчимэг нартай уулзахаар очиход тэдний ажил ид өрнөж байсан юм. Өргөдөл гаргагч, уригдагч талуудын маргаан эхэндээ ширүүсэх төлөвтэй байсан ч \"гал”-ыг маш хурдан унтрааж, ойлголцуулав. Хоёр жилийн өмнө иргэн А,иргэн Б-ээс гурван адуу авсан ч одоо хүртэл төлбөрөө өгөөгүй учраас ийн эвлэрүүлэн зуучлах албанд ханджээ. Иргэн А буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч, Б болон түүний эхнэртэй харилцан ярилцсаны үр дүнд тохиролцсон хугацаанд хохирлыг нь барагдуулах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа.
Энэ мэт олон маргааныг шүүхийн шатанд очихоос өмнө хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь аль аль талдаа хялбар байдаг  ажээ. Эвлэрүүлэн зуучлалаас гаргасан эвлэрлийн гэрээг шүүгч хуульд нийцүүлэн шүүгчийн захирамж гаргаж, шүүхийн шийдвэрийн адил хүчин төгөлдөр биелэгдэж байгаа юм. Шүүх хурал болохгүй. Тэмдэгтийн хураамжийн ачаалал ч харьцангуй бага. 1,1 саяас дээш хэд ч хүртэлх төгрөгийн маргааны тэмдэгтийн хураамж 30 мянган төгрөг.
Эвлэрүүлэн зуучлагчаар дамжин шийдвэрлэсэн  маргаанууд шүүх хурлын бүтэн жилийн ачааллыг 20 хувиар бууруулдаг.
Гэр бүлийн маргаан баггүй хувийг эзэлдэг. Хосуудтай ярилцаж, эвлэрүүлэхэд хамгийн хүнд байдаг хэмээн эвлэрүүлэн зуучлагч хоёр бүсгүй ярилаа. Энэ маргааныг шийдвэрлэхэд мэргэжлийн сэтгэл зүйч эхнэр, нөхрүүдэд хэрэгтэй байдаг нь тэдэнд тулгардаг хамгийн том бэрхшээл гэсэн.
Өрөөндөө сэтгэл зассан, эерэг хандлагыг илэрхийлсэн үгнүүдийг байршуулсан нь талуудад сайн нөлөөтэй. Эвлэрүүлэн зуучлагчийн өрөөнд багагүй хугацааг үдэж, маргаж, тайвшрахдаа тэдгээр үгнүүдийг уншиж, бодох хангалттай боломж бий. 
Аливаа маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх биш үлдэж, талуудын харилцан ойлголцлын үндсэн дээр  мэргэжлийн хүмүүс богино хугацаанд шийддэг, ойлголцуулдаг, \"гал унтраадаг” хүмүүс Эвлэрүүлэн зуучлагчид ажээ.
Хоёулаа эрх зүйч мэргэжилтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн эвлэрүүлэн зуучлагчийн сургалтад шат дараатай хамрагдсан батламжтай. 
Энэ албаар дамжин  маргаанаа шийдвэрлүүлсэн иргэд цаашид аливаа үйл ойлголцолд хүлээцтэй хандаж, ойлголцож чадвал асуудлыг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэдгийг ойлгохоос гадна хоорондын харилцаандаа ч хичээж хандах ухамсар суудаг эерэг нөлөө үзүүлдэг хамгийн сайн талтай. Ийм санааг илэрхийлсэн үг тэр өрөөний хаалган дээр бий.
Энэ бол ажлаа олон нийтэд тэгш  хүртээмжтэй, басхүү эерэг сэдлийг бий болгохын тулд иргэдэд өгч буй зөв мэссэж билээ.
 
Сүхбаатарын өнгө сонины эрхлэгч: 
Д.Улаанаа

Эхлэлд очих