Уншиж байна...
Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан үе үеийн шүүгч, ажилчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
2024-06-07 00:00:00
4948

Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан  үе үеийн шүүгч,  ажилчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдан, Сүхбаатар аймагт Захиргааны хэргийн шүүх анх 2004 оны 06 сарын  10-ны өдөр үйл ажиллагаагаа эхлүүлж, анхны ерөнхий шүүгчээр  С.Өлзийсайхан, шүүгчээр Х.Эрдэнэтуяа, С.Оюунтунгалаг нар, шүүгчийн туслахаар одоогийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян,  Сүхбаатар аймаг дахь өмгөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Зулаа нар томилогдон ажиллаж байв.

Шүүхийн үйл ажиллагааг орон нутагт сурталчилан таниулах, төлөвшүүлэх, шинээр томилогдсон шүүгч, ажилтнуудаа сургаж дадлагажуулах, эдийн засгийн бааз сууриа бэхжүүлэх зэргээр шинээр байгуулагдсан дагнасан шүүхийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд тухайн шүүхийн анхны ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын хэлтэс, Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, төслийн байгууллагууд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Шинээр байгуулагдсан Захиргааны хэргийн шүүхийн эхний 6 жил буюу 2004-2009 онд дагнасан шүүхийн зорилго, үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах чиглэлд шүүгчид түлхүү анхаарч, аймгийн төв болон бүх сумдыг тойрч иргэдтэй уулзалт хийхээс гадна орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээснээр захиргааны хэргийн шүүхэд хандах иргэдийн тоо нэмэгдэж байв.

Шүүхээр хянан шийдвэрлэгдэх хэргийн тоо 2004 онд 4 байсан бол 2005-2013 онд 9-40 хэрэг болж шүүхээр хянан шийдвэрлэх хэргийн тоо болон шүүхэд хандах иргэдийн тоо жилээс жилд өссөөр байв.

Нийт шийдвэрлэсэн хэргийн 49 буюу 25.5 хувийг хялбаршуулсан журмаар,  143 буюу 74.5 хувийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 103 буюу 53.7 хувь, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 89 буюу 46.3 хувь байгаа нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн иргэний эрхийг сэргээсэн шийдвэрийг шүүх гаргаж, захиргааны шүүх байгуулагдсан зорилго биелэлээ олсон гэж үзэхээр байна.

Дараагийн 10 жил буюу 2014-2023 онуудад захиргааны хэргийн шүүхийн талаарх иргэдийн мэдлэг дээшилсэн, гол материаллаг хуулиуд болон процессын хууль шинэчлэн батлагдсан, эрх зүйн орчин өөрчлөгдсөн үе байв.

Дээрх хугацаанд тус шүүх нь нийт 281 хэрэг хянан шийдвэрлэсэн ба нийт шийдвэрлэсэн хэргийн 29 буюу 10.3 хувь нь газрын маргаан, 11 буюу 3.9 хувь нь иргэний болон үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан, 21 буюу 7.6 хувь нь сонгуулийн маргаан, 10 буюу 3.5 хувь нь нийгмийн даатгалтай холбоотой маргаан, 67 буюу 23.9 хувь нь төрийн албаны маргаан, 6 буюу 2.1 хувь нь татварын маргаан, 137 буюу 48.7 хувь нь бусад төрлийн маргаан /төрийн хяналт шалгалт, тендер, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт гэх мэт/-тай холбоотой хэргүүдийг хянан шийдвэрлэсэн байна.

Нийт шийдвэрлэсэн хэргийн 114 буюу 40.5 хувийг хялбаршуулсан журмаар, 167 буюу 59.5 хувийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан 103 буюу 36.7 хувь, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон 178 буюу 63.3 хувь байгаа нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа хууль бус шийдвэр нь захиргааны шүүхийн хяналтад орж, захиргаа иргэдийн эрхийг дээдэлсэн, хууль ёсны шийдвэр гаргахад чухал ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж хэлж болно.

Одоо Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Цэрэнханд, шүүгчээр Х.Эрдэнэтуяа, Б.Баярцогт, шүүгчийн туслахаар С.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар И.Өсөхбаяр нар томилогдон ажиллаж, захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх зорилготой Захиргааны хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагааг орон нутагт хэрэгжүүлж байна.

Тус шүүх нь 2006 онд шүүн таслах ажлын чанараараа улсад тэргүүн байр эзэлж байсан, шүүгч Х.Эрдэнэтуяагийн шийдвэрлэсэн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 122/ШШ2018/0001 дугаартай шийдвэр “Монгол Улсын Шүүхийн сонгомол шийдвэрийн эмхэтгэл-V боть”-д нийтлэгдсэн зэргээр шүүгчид шүүн таслах ажлын чанар, мэдлэг, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, хуулийг нэг мөр ойлгож зөв хэрэглэх, жишиг тогтооход анхаарч ажиллаж байна.

Мөн энэ оны 05 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяаныхаа амралтад гарсан Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ахмад шүүгч Б.Баярцогт, шүүгч Эрдэнэтуяа нар ойн босгон дээр хөдөлмөр, бүтээлээ өндрөөр үнэлүүлж “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан нь онцгой  тэмдэглүүштэй үйл явдал боллоо.

Эхлэлд очих