Уншиж байна...
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сэтгэгдэл
2020-04-08 02:36:23
274

ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН СЭТГЭГДЭЛ

Ж.Батбаатар миний бие 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож, шүүх бүрэлдэхүүний өмнө тангараг өргөж, дүгнэлтээ гаргалаа. 

Шүүхийн байгууллага иргэдийн төлөөлөгчийн программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, санамсаргүй тохиолдлын аргаар шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийг иргэдээс сонгож байгаа нь шүүхийн байгууллага нээлттэй, ил тод болжээ.

Анх 2020 оны 01 дүгээр сард шүүхийн тамгын газраас шүүхийн иргэдийн төлөөлөгчдөд зориулсан сургалт хийх гэж байгаа тул хүрэлцэн ирэх тухай урилга, гарын авлага гэрийн хаягаар ирж байсан ч миний бие тухайн үед сургалтанд оролцож чадаагүй юм.  Харин 7 хоногийн өмнө иргэдийн төлөөлөгч хариуцсан мэргэжилтэн над руу утсаар холбогдож иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож шүүх хуралдаанд оролцох болсон тухай хэлж, ганцаарчилсан сургалт хийж ойлголт өгсөн.
Миний хувьд хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлж, иргэд, олон нийтийг төлөөлж иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон хавтаст хэрэгтэй танилцаж, шүүх хуралдаанд сууж өөрийн дотоод итгэлээр дүгнэлт гаргасандаа баяртай байна. 
Мөн шүүхэд ирж хэрэг, материалтай танилцсан болон шүүх хуралдаанд суусан нийлбэр цагаар тооцож цалин хөлс олгодог юм байна. 

Цаашдаа иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон хүмүүс иргэний үүргээ биелүүлж, идэвхитэй оролцож байхыг хүсмээр байна. Учир нь сонгогдсон иргэдийн төлөөлөгч нь тухайн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд шүүх хуралдаан хойшлох үндэслэл болж олон хүний цаг зав үрэгдэж, шүүхэд итгэх иргэдийн итгэл буурах хандлага ажиглагдаж болох юм гэж иргэнийхээ хувьд төрсөн сэтгэгдлээ хуваалцаж байна. 

 


Эхлэлд очих