Уншиж байна...
Болзол илтэд биелэгдэх боломжгүй бол гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь
2023-01-18 01:31:24
331

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ 


Болзол илтэд биелэгдэх боломжгүй бол 
гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь: 


Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.17-ны өдрийн магадлал № 11 
Тоймын дугаар, огноо: № 01, 2023.01.10. 
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 
Агуулга: 
Иргэн А нь \"гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газар дээрээ хүнсний зах барьж, ашиглан түрээсийн орлого, ашгаа хувааж авах болзолтойгоор уг газрыг эзэмших эрхээ иргэн С-д шилжүүлсэн гэрээ, хэлцлийг хүчингүй болгуулах, газар эзэмших эрхээ сэргээлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч С нь  \"Уг газрыг А ганцаараа ашиглах эрхгүй, 1990 оны өмч хувьчлалаар ах дүү нарынхаа ягаан, цэнхэр тасалбарыг цуглуулж авсан газар” гэж маргадаг. 
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 
Давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав. 
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил газар дээрээ хүнсний зах бариулж, орлогоос нь хувь хүртэх талаар хариуцагч С-тэй утсаар ярьж, захидал бичиж байсан болох нь тогтоогдсон тул түүнийг \"тухайн газар дээр хүнсний зах барьж, ашиг орлогоос нь хувь хүртэх” болзолтойгоор газар эзэмших эрхээ шилжүүлсэн гэж дүгнэв. Нөгөө талаас хариуцагч С нь тухайн үедээ нэхэмжлэгчийн тавьсан саналыг хүлээн зөвшөөрсөн дүр үзүүлж, түүнд итгэл төрүүлэн маргаан бүхий газрын эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж, шилжүүлэн авсан байна. 
Хуульд зааснаар \"Хэлцэл” гэж иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ. Хэлцлийн хүчин төгөлдөр болох асуудлыг ирээдүйд бий болох үйл явдлаас хамааралтай болгосон тохиролцоог \"болзол” гэдэг. Хариуцагч С-ын \"маргаан бүхий газар дээр хүнсний зах барих бэл бэнчин байхгүй” гэх тайлбараас үзэхэд болзолд заасан үйл явдал болохгүй нь илт болсон тул маргаан бүхий хэлцлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй. 
Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн хариуцагч С-тэй байгуулсан газар эзэмшүүлэх эрх шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцон иргэн А-ийн гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газрыг эзэмших эрхийг сэргээж, шийдвэрлэв. 


Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: www.shuukh.mn


Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг 




Эхлэлд очих