Уншиж байна...
МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026-06-10 00:00:00
12

Сүхбаатар аймгийн шүүхийн Тамгын газраас байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах, ажилтнуудын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Мэдээллийн аюулгүй байдал” сэдэвт дотоод сургалтыг Мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.Болдоо зохион байгууллаа.

Тус сургалтад шүүхийн Тамгын газрын нийт ажилтнууд хамрагдаж, байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээлэл, мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах, цахим орчинд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, албан хэрэгцээний мэдээллийг зөв зохистой ашиглах, хамгаалах талаар мэдлэг мэдээлэл авлаа.

Сургалтын үеэр цахим халдлага, фишинг и-мэйл, хуурамч холбоос, нууц үгийн аюулгүй байдал, байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах, цахим төхөөрөмж ашиглах үеийн анхаарах асуудлууд зэрэг сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх шаардлагатай зөвлөмжүүдийг танилцуулсан юм.

Мөн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь зөвхөн мэдээллийн технологийн ажилтны бус байгууллагын нийт ажилтан бүрийн үүрэг хариуцлага болохыг онцлон, мэдээллийн аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлэх, эрсдэлийг бууруулахад ажилтан бүрийн оролцоо чухал болохыг сургалтын үеэр тэмдэглэлээ.

Энэхүү сургалт нь шүүхийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, ажилтнуудын цахим хэрэглээний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн алдагдал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Эхлэлд очих