Уншиж байна...
Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
2023-03-23 03:16:50
531

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ 

Ажилтны учруулсан гэм хорын хохирлыг 
ажил олгогч хариуцаж арилгана.  

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.02.09-ны өдрийн магадлал № 02

Тоймын дугаар, огноо: № 04, 2023.03.13. 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон. 

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно. 

Агуулга: Иргэн А нь Зэвсэгт хүчний дугаар ангид ажиллаж байхдаа тус ангид  ажилладаг Х-д дух хэсэгтээ резинэн алхаар цохиулж, хөнгөн гэмтэл авсан. Х-г А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоож, ял шийтгэл оногдуулсан. А нь эмчийн магадлагаагаар акттай байсан 5 сарын цалин, тэтгэмжийн зөрүү, дутуу авсан цалин, нийт 10077551 төгрөгийг Зэвсэгт хүчний дугаар ангиас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь \"А-г ангийн байрлал дахь үндсэн үүрэгт ажилд шилжүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар ажилдаа ирээгүй, түүний ажилласан хугацааны цалинг бүрэн олгосон” гэж маргадаг. 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод 3239351 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Мөн цалингийн зөрүү, томилолтын зардалд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон 5128000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр олгосон 1710000 төгрөгийг хасаж, нийт 6838200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.  

Давж заалдах шатны шүүхээс ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээхээс гадна хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. 

Шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: www.shuukh.mn

 


Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг 



Эхлэлд очих