Уншиж байна...
Шүүхийн иргэдийн төлөөлөгч Ш.Түдэвдорж дүгнэлт гаргахад сүрдмээр, бас бахархмаар байлаа.
2017-01-17 07:36:27
237

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч ажилтай Ш.Түдэвдорж би 2017 оны 01 сарын 17-ны өдөр шүүгч Д.Сугарын даргалсан эрүүгийн хэрэгт иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Би шүүх хуралдаанд анх удаа оролцож байна. Хуулийн салбарт шүүхийн шинэтгэл маш хурдацтай явагдаж байгааг сайн мэднэ. Шүүхийн багц хууль батлагдан гарснаар олон шинэ дэвшилттэй алхмуудыг хийжээ. Үүний нэг нь шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль юм. Энэ хуулийг хэрэгжүүлж ажиллахад иргэд бидний оролцоо маш чухал гэдгийг ойлголоо. 
Иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөж, гэм буруугийн талаар үнэн зөв дүгнэлт гаргахад сүрдмээр, бас бахархмаар байлаа. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд шүүх хуралдаанд ирж суухад ямар ч хүндрэл бэрхшээл алга юм байна. Учир нь шүүхийн тамгын газраас шүүх хуралдаанд оролцох тухай шүүх хуралдааны товыг 7 хоногийн өмнө надад мэдэгдсэн. Түүнчлэн байгууллагын даргад ажлаас чөлөөлж шүүх хуралдаанд оролцуулах албан бичгийг мөн шүүхийн тамгын газраас ирүүлсэн байсан. Ингээд миний бие шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор шүүхэд ирэхэд үүдний цагдаагаасаа эхлээд бичиг баримт бүртгэж, иргэдийн төлөөлөгч хариуцсан мэргэжилтэн нь тосож өрөөндөө оруулан мэдээлэл өгөх, сэтгэл зүйн болон, тангараг өргөх   шүүх хуралдаанд ямар байдлаар оролцох талаар зөвлөгөөг харамгүй хэлж өгсөн. Цаашид иргэн та тухайн жилдээ шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тохиолдолд шүүх хуралдаандаа заавал ирж оролцож иргэний үүргээ биелүүлээрэй. 
\"Шүүх” гэж байгууллагын талаар мэдэх боловч  үйлчлүүлж үзээгүй  байсан. Шүүхийн байгууллага чинь үнэхээр иргэддээ үйлчилсэн, ажил нь жигдэрсэн, өрөө тасалгаа нь цэвэрхэн, ажилчид нь зөв боловсон харьцаатай, хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэж ёстой л төрийн албыг тасралтгүй хэрэгжүүлсэн байгууллага юм байна гэж бас давхар дүгнэсэн. Шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
 

Эхлэлд очих