Иргэдийн төлөөлөгч Т.Чинбаярын сэтгэгдэл \
2017-02-17 06:37:22
220
Миний бие Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд анх удаа иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо.
Иргэдийн төлөөлөгчийн эрх, үүрэг, оролцооны талаар сургалтанд хамрагдаж мэдээлэл авсан болохоор сандрах, айх зүйл байсангүй.
Шүүх хуралдааны танхимд шүүгчид, бусад оролцогчдын өмнө иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөж, шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч ямар байр суурьтай оролцдогыг харж, шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргийг сонсож, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол зорилт болсон хяналт тавих тогтолцоог хэрэгжүүлж суулаа.
Хамгийн сүүлд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байгаа гол ажил болох гэм буруугийн талаарх дүгнэлтээ гаргалаа.
Залуу хүний хувьд шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсноор нэлээд зүйлийг мэдэж авлаа.
Би өөрөө төрийн албан хаагч хүн. Шүүхийн үйл ажиллагааг сайн мэднэ. Сүүлийн үед шүүхийн шинэчлэл эрчимтэй явагдаж байгаа. Үүнийг залуу хүнийхээ хувьд дэмждэг, мөн ард иргэд ч гэсэн шүүхийн шинэчлэлийг дэмжиж байгаад талархдаг.
Цаашид шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр дахиад ормоор санагдлаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхэд бидний оролцоо маш чухал юм. Жирийн иргэн шүүх хуралдаанд оролцоод гэм буруугийн талаар дүгнэлт гаргана гэдэг чинь л шүүхийн шинэтгэлийн нэгээхэн мөн чанар нь шүү дээ. Сүхбаатар аймаг дахь шүүхийн тамгын газрын хамт олонд ажлын амжилт хүсье.