Уншиж байна...
СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
2023-02-13 06:04:38
347

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Барилга байгууламжийн зураг төсөлд заасан зориулалтыг мэргэжлийн байгууллагын
зөвшөөрөл,  эрүүл ахуйн дүгнэлтгүйгээр өөрчилж болохгүй

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар магадлал
Тоймын дугаар, огноо: № 02, 2023.02.08. 
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Агуулга: \"А” нь \"SB худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, барилга байгууламжийн  зураг, төсөлд заасан зориулалтаар сэргээн засварлахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч \"ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчлөхдөө анх барилга барьсан компаниас зөвшөөрөл авсан, харин эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй энэ асуудлыг зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэх ёстой” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган худалдааны төвийн ариун цэврийн өрөөний хийц, зориулалтыг өөрчилсөн нь хууль бус болохыг тогтоож, зориулалтын дагуу ашиглах боломжтойгоор сэргээн засварлахыг хариуцагчид даалгасан. 
Худалдааны төвийн ариун цэврийн өрөөнүүдийг  мэргэжлийн байгууллагын зөвшөөрөл, эрүүл ахуйн дүгнэлтгүйгээр агуулах, албаны өрөө болгон хийц, зориулалтыг өөрчилснөөс худалдаа эрхлэгч, үйлчлүүлэгч нарын зохих стандарт шаардлагыг хангасан ариун цэврийн өрөө хэрэглэх боломжийг хязгаарлаж, эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.


Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/25572?daterange=2022-01-01%20-%202023-02-08&id=2&court_cat=1&bb=1


Тойм бэлтгэсэн:  Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх










Эхлэлд очих