СҮХБААТАР АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
2023-02-13 06:08:30
428
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
Даатгалын байгууллага гэм буруутай гуравдагч этгээдээс
даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13 дугаар магадлалТоймын дугаар, огноо: № 03, 2023.02.08.
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой.
Агуулга: Даатгалын компани нь иргэн О-оос \"гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрт олгосон 15 сая төгрөг гаргуулах”-аар шаардсан. Үүнийг О эс зөвшөөрч, \"гэнэтийн ослоор нөхрийгөө алдсан хохирогч байхад намайг буруутай этгээд гэж даатгалын нөхөн төлбөрийг буцаан нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, иргэн О-оос 15 сая төгрөгийг гаргуулж, даатгалын компанид олгохоор шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь: Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд даатгалын компани нь Цагдаагийн ерөнхий газартай гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан хугацаанд гуравдагч этгээдийн болгоомжгүй үйлдлийн улмаас цагдаагийн албан хаагч Ц-ийн амь нас хохирсон. Иймд даатгалын компаниас түүний ар гэрт даатгалын нөхөн төлбөрт 15 сая төгрөгийг олгожээ. Даатгуулагч буюу Ц нас барахад гуравдагч этгээд гэм буруутай болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Энэ тохиолдолд даатгалын байгууллага гэм буруутай этгээдээс даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхтэй болохоос амь хохирогчийн ар гэрээс буцаан шаардах эрхгүй.
Иймд хариуцагч О-ийн \"гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрт авсан мөнгөө даатгалын байгууллагад буцаан төлөх үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр нь үзэх цахим холбоос: www.shuukh.mn
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх